100 буудалт даамын Дэлхийн цомын АШТ-д Р.Манлай, М.Нямжаргал нар оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. 100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд манай улсаас Ази тивийн аварга, Их мастер М.Нямжаргал, Ази тивийн аварга, Их мастер Р.Манлай нар оролцож байна.
Башкир улсын нийслэл Уфа хотноо өнөөдөр нээлтээ хийж буй энэ тэмцээнд 2015, 2016 оны дэлхий, тивийн АШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 шилдэг даамчин өрсөлдөх юм. Тэмцээнийг зохион байгуулагч Башкиртостан улсын Тамара Тансыккужина, Айгуль Идрисова, Алия Аминова, Александр Георгиев, Муродулло Амриллаев, Айнур Шайбаков нарын зургаан тамирчин дээр алдарт А.Чижов нэмэгдсэнээр ОХУ-аас нийт долоон даамчин “Дэлхийн цом”-д оролцож байгаа нь хойд хөршийн даамын хөгжлийн түвшинг илтгэж байна.
Мөн дэлхийн аварга Рул Бумстра (Голланд), дэлхийн дэд аварга Ян Грунендейк (Голланд), Гунтис Валнерис (Латви), Африк тивийн аварга НДиага Самб (Сенегал), Америк тивийн аварга Аллан Сильва (Бразил), дэлхийн аварга Наталья Садовска (Польш), дэлхийн аварга асан Ольга Камышлеева (Голланд), дэлхийн 15 удаагийн аварга Зоя Голубева (Латви), Дэлхийн цомын шагналт Виталия Думеш (Голланд), Елена Чеснокова (Латви) зэрэг шилдэг даамчид Уфа хотод хуран чуулжээ.
Дашрамд сонирхуулахад, тус тэмцээний тайлбарлагчаар 100 буудалт даамын дэлхийн аварга асан, 64 буудалт даамын дэлхийн домогт аваргуудын нэг Александр Шварцман, Дарья Ткаченко, Андрей Калмаков, их мастер Иван Трофимов нарын алдартнууд ажиллах юм.
Д.Өлзий