Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-04 10:23:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэд “Шүүхийн III байр”-ны нээлт өчигдөр буюу энэ сарын 03-нд болов.

Уг байр нь Улаанбаатар хотод гэр бүлийн маргааныг шийдвэрлэх ажиллагаа, шүүгч, эвлэрүүлэн зуучлагчийг нэг цэгт төвлөрүүлж, тэдгээрийг мэргэшүүлэх зорилготой юм. Энэ үеэр ШЕЗ-ийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж “Ирээдүйд гэр бүлийн маргаанаар дагнасан шүүх үүсэх үндсийг бид тавьж байна. Гэр бүлийн маргаан нь гэрээний, ахуйн зэрэг бусад маргаанаас өөр. Өнчрөл, хагацлаас эхлээд ирээдүйн иргэдийн сэтгэл зүрх, хүмүүжилтэй холбоотой чухал асуудал. Тиймээс шүүх энэ чиглэлд мэргэшиж, төрөлжих хэрэгтэй. Дэлхийн улс орнууд Гэр бүлийн шүүхэд онцгойлон ач холбогдол өгч, шүүгчдээ мэргэшүүлдэг. Гэр бүлийн шүүхийн байрны зохион байгуулалт ч бусад шүүхээс өөр. Японы Гэр бүлийн шүүхтэй танилцсан хүмүүс "Шүүх рүү бус хүүхдийн цэцэрлэгт орсон мэт сэтгэгдэл төрлөө” гэж ярьж байсан. Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг орчин нь иргэддээ ээлтэй, энгийн даруу байдгаараа ач холбогдолтой. Дэлхийн энэ жишгийг бодож нийслэлд "Гэр бүлийн шүүх” байгуулж байна" гэлээ.

Тус байр нь шүүх гурван өрөө, эвлэрүүлэн зуучлах хоёр өрөө, нярай хүүхдийг түр байрлуулах ор гэх мэт гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд хэрэг болохуйц тавилгаар тохижуулагдсан байна. Мөн хүүхдийн тоглоомын өрөө байгуулах хэрэгтэй байгааг ШЕЗ-ын дарга Н.Лүндэндорж онцолж байлаа.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар "Манай шүүх жилд 1200 орчим гэр бүлийн маргааныг шийдвэрлэдэг. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх онцлогт тохируулсан онцлогтой орчин бүрдүүлсэн нь дэлхийн нийтийн жишиг рүү дөхсөн алхам боллоо. Нөгөө талаар шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, ойр дөт байлгах чухал ач холбогдолтой юм. Цаашид шүүгчид мэргэшиж ажиллах үндэс тавигдсанд баяртай байна” гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻