Хаврын бүсийн хурдан морины уралдааныг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 05-нд Төв аймгийн Аргалант суманд, 12-нд Хөвсгөл, Говь-Алтай аймагт зохион байгуулахаар товлоод байсан хурдан морины хаврын бүсийн уралдааныг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан талаар өнөөдөр иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэв.
Засгийн газраас өнгөрсөн сарын 22-нд хурдан морины хаврын бүсийн уралдааны товыг зарласан. Энэ нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 08-нд баталсан Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалттай зөрчилдөж байгаа аж. Уг жагсаалтад бага насны хүүхдээр жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-нийг хүртэл хурдан морь унуулахыг хориглосон байна. Хурдан морины өвөл, хаврын уралдааны үеэр хүүхэд унаж гэмтэх, хацраа хөлдөөх зэрэг эрсдэл ихтэй байдаг аж. Тиймээс өвөл, хаврын уралдаан нь хүүхдэд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, амьд явах эрхийг зөрчиж байна хэмээн үзэж “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (НҮТББ)-аас Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлтийг Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг Захиргааны хэргийн шүүх энэ сарын 03-нд хэлэлцээд Хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
“Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” НҮТББ-ын тэргүүн П.Цэвээ, “Бид уламжлалт буюу зуны дэлгэр цагт болдог хурдан морины уралдаануудыг эсэргүүцээгүй. Монголд өвөл хурдан морь уралдуулах уламжлал огт байгаагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд өвөл, хаврын уралдаан зохион байгуулдаг болсны улмаас 1000 гаруй хүүхэд гэмтээд байна. Энэ бол зөвхөн ГССҮТ-д ирсэн хүүхдүүдийн тоо. Аймаг, сумдын эмнэлэгт хэдэн хүүхэд хүргүүлж байгаа талаар нарийвчилсан судалгаа байхгүй. Монгол Улс Хүний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвециудад нэгдэж орсон. Бусад оронд үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс энэ мэт хүүхдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоох хэрэгтэй” гэлээ.
Өвлийн уралдааны үеэр хүүхдүүд чөлөө авах эсхүл таслах зэргээр хичээлээсээ хоцордог гэдгийг “Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ” НҮТББ-ын дэд зохицуулагч Б.Баярсайхан онцлов. Тэрбээр, “Судалгаанаас үзэхэд өвлийн уралдаанд хурдан морь унаж буй хүүхдүүдийн 64.2 хувь нь хичээлээсээ чөлөө авдаг, 1.5 хувь нь тасалдаг байна. Үлдсэн 34.2 хувь нь чөлөө авдаг, өгөхгүй бол тасалдаг гэсэн хариулт өгсөн байгаа юм. Хурдан морины уралдаан хоёр, гуравхан өдрийн асуудал биш. Морины уяа, сойлгыг тааруулахаас эхлээд 1-2 сарын хугацаа шаардана. Энэ хугацаанд хүүхдүүд хичээлээсээ хоцордог гэсэн үг. Тиймээс бага насны хүүхдийн сурч, боловсрох эрхийг ч мөн хязгаарлаж байна” хэмээв.
Засгийн газар, Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)ноос Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах эрхтэй. Гэхдээ хүүхдийн амь нас, эрүүл мэндээс илүү үнэтэй үндэслэл гаргах боломжгүй гэдгийг “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” НҮТББ)-ын тэргүүн Ц.Баттуяа хэллээ.
Засгийн газар, ММСУХ-ноос давж заалдах хүсэлт гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болох юм.
Ч.Ариунболд