Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын цагдан хорих 14 хоногийн хугацаа маргааш дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан. Тэднийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч нар нь Нийслэлийн прокурорын газарт тавьсан байна.
Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалтаар бол тэднийг цагдан хорих 14 хоногийн хугацаа энэ сарын 7-ны өдөр буюу маргааш дуусна. Маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг үргэлжлүүлэн хорих уу эсвэл батлан даалтад гаргах уу гэдгийг хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Б.Гарамгайбаатар хорих ангидаа өлсгөлөн зарласан тухай ч мэдээлэл байна. Энэ асуудлыг маргааш хэрхэн шийдсэнийг мэдээлэх болно.
Ж.Батсайхан