БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 213 оюутан сурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд магистр, докторын сургалтад сургах сонгон шалгаруулалтаа зарлалаа.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилд нийт 213 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулах юм.
Суралцахыг хүсэгчид геологи, архитектур, анагаах ухаан, боловсрол, уул уурхайн инженер, механик инженер, хөдөө аж ахуйн инженер, байгалийн хий, газрын тосны инженер, барилгын инженер, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, соёл, урлаг, байгаль орчин ногоон хөгжил,эрчим хүч, дэд бүтэц, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, худалдаа эдийн засаг, хууль болон хятад хэл судлал зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтой.
Магистрант нь бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны, Докторант нь магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 40 хүртэлх насны байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.
Бүртгэл энэ сарын 11, 12-нд 10:00-18:00 цагт, 13-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд ШУТИС-ийн 1-р байрны 324 тоот өрөөнд явагдана.
Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг БСШУСЯ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас томилсон хамтарсан ажлын хэсэг зохион байгуулах юм.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-266428 утсаар лавлах боломжтой.
Ж.Болор