Шинэ гавьяатууддаа БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-07 12:46:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэхэн төрсөн спортын гавьяатуудыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамц хүлээн авч уулзан баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс эх орондоо ихийг бүтээсэн зарим хүнд Төрийн дээд одон, медаль гардуулсан. Энэ үеэр спортын салбар гурван гавьяатаар нэмэгдсэн билээ. Тухайлбал, "Рио-2016" зуны олимпийн наадамд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн анхны багш, "Рио-2016" паралимпийн хүрэл медальт гавьяат тамирчин Болормаагийн Ууганхүүг дасгалжуулсан БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Чоёндоржийн Базарсүрэнг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан.

Мөн "Бээжин-2008" зуны олимпийн наадамд боксын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллан нэг алт, нэг мөнгөн медаль авхуулсан, "Рио-2016" олимпийн наадмын ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай Дамдинбазарын Батсүрэнг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Үндэсний шигшээ баг болон "Хасу мегастарс" клубын тамирчин, ОУХМ Даваасүхийн Отгонцэцэгт Монгол Улсын гавьяат тамирчин цолыг олгосон. Төрийн дээд шагнал хүртсэн гавьяатуудаа Ц.Шаравжамц дарга ийнхүү хүндэтгэл үзүүлж, баг тамирчдаа улам бэлтгэж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Д.Өлзий
 

相关新闻