Монголд эмэгтэй хөлбөмбөг эрчимтэй хөгжиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхээр Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-той хамтран ажиллах ажлын хүрээнд “Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр”-ийг зохион байгуулна.
Энэхүү өдрийг “Их талын дуулиан” ТББ хамтран зохион байгуулж, 8-13 насын охидыг хамруулсан фестиваль нь СХД-ийн БТСХ-ны Спортын ордонд болон “Аврагч” спорт хорооны спортын зааланд явуулах юм.
Сүүлийн үед АХБХ болон МХБХ-ноос эмэгтэй хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх ажлын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. АХБХ-ноос Ази тив даяар эмэгтэй хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдрийг бий болгожээ. Тус холбооноос 16 хүртэл насны охидын тэмцээнийг 9 дүгээр сарын 9-23-нд Тайланд улсад, 19 хүртэл насны эмэгтэйчүүдийн тэмцээнийг 10 дугаар сарын 14-28-нд БНХАУ-д зохион байгуулах юм.
Эмэгтэйчүүдийн АТАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд БНАСАУ, Палестин, Тажикстан, Вьетнам улсад 2017 оны 4 дүгээр сард болж, шалгарсан багууд 2018 оны 4 дүгээр сард Иордан улсад аваргуудаа тодруулна. МХБХ энэ үйл ажиллагаанд идэвхтэй бэлтгэн Япон улсын мэргэжлийн дасгалжуулагчаар удирдуулсан шигшээ баг байгуулан бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм.
Мөн уг ажлын хүрээнд "Дуулиан-2020" заалны хөлбөмбөгийн тэмцээнийг охидын U-11, U-13, U-15, U-17 насны ангиллаар ЕБС-уудын дунд зохион байгуулж байна. Энэхүү хөлбөмбөгийн фестивальд урьдчилсан тооцоогоор 400 орчим охид, багш нарын хамт хамрагдахаар байгаа юм.
Д.Өлзий