Шүлхий өвчинд 800 гаруй сая төгрөг зарцуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-13 17:47:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн долоон суманд малын гоц халварт шүлхий өвчин гарсны улмаас өвчилсөн малыг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, эм бэлдмэл, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт  нийт 823,3  сая төгрөг зарцуулаад байна. Мөн шүлхий өвчний урьдчилан сэргийлэх үүднээс малын тарилга хийсэн үйлчилгээний хөлсөнд 414,4 сая төгрөг зарцуулжээ.

Аймгийн Мал эмнэлгийн нөөцөөс 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хлорын шохой, экоцид, анигуард зэрэг ариутгалын бодис, автомакс, халдвар хамгааллын хувцас, зүү тариур, мас, бээлий зэрэг 46,8  сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг өвчин гарсан сумдад хүлээлгэн өгчээ. Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр засаг даргын нөөцөөс 72 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, түүгээр есөн нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, халдвар хамгаалалтын хувцас зэргийг худалдан авч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн байна. Одоогоор аймгийн засаг даргын нөөц сангаас нийт 189,2 сая төгрөг зарцуулаад байгаа юм.

Харин 02 дугаар сарын 05-ны өдөр аймгийн засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчсөн нэг албан байгууллага, хоёр албан тушаалтан, 23 иргэнд Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиудыг үндсэлэн хариуцлага тооцон, 1 сая 264 мянган  төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.

Т. Одончимэг

相关新闻