Адуу турж, зутарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баянхангай сумын урд хэсгээр гурван мянган адуу турж, зутарсан байдалтай байна. Зарим адуу хэтэрхий турснаас хээл хаях тохиолдлууд байгаа ч хорогдол гараагүй байна.
Турсан адуу малд тэжээл өгч аль болох хорогдолгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд хэтэрхий доройтсон малд хужир, био тэжээл, бэлдмэл, витамин зэрэг нэмэлт тэжээл хэрэгтэй байна гэж Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга Б.Отгон-Эрдэнэ ярилаа.
Тус сумын хэмжээнд өвөл цас их орж, цасны зузаан 20-30 см байснаас мал их зутарсан юм.
Төв аймгийн Баянхангай сум 220 малчин өрхтэй, 92 мянган малтай, үүнээс 50 мянган төллөх эм мал байна. Хаваржилтад зориулж аймгийн Онцгой байдлын газраас үнэгүй 500 боодол өвсийг малчдын бүлгүүдэд тавь тавин бодлоор хувааж хүргүүлсэн байна. Мөн Онцгой байдлын газраас нэмж 50 тонн хивэг өгчээ. Үүнээс гадна Бүрэн сумын Улсын нөөцийн газраас 400 тонн өвсийг мөн нэмж татахаар ажиллаж байгаа аж.
Дашрамд дурдахад Баянхангай сум аймгийн ХХААГазартай хамтран гуравдугаар сарын 20-нд “Малчдын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулах гэж байна.
Т.Есүхэйтөмөр