Хангай сумын хүүхдийн цэцэрлэг соёлын төвд толгой хоргодож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-15 11:09:46

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай сумын хүүхдийн цэцэрлэгийн удирдлага, хамт олны зүгээс 100 хүүхдийн зориулалтын шинэ барилгатай болох талаарх хүсэлтээ шат шатны байгууллагуудад хүргүүлжээ. 

Тус сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга нь 2012 онд ашиглалтанд орсон ч 2013 оны хавраас эхлэн хөрсний цэвдгээс шалтгаалан хана, хаалга, шал хэсгээрээ хагарч цууран үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болж, 2014 онд МХГ-ын бүрэн ашиглахыг хориглосон акт гарчээ. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд хоёр гэрт хүүхдээ хүлээж авч СӨБ-ыг олгож эхлэсэн байна.

2016-2017 оны хичээлийн жилээс сумын соёлын төвийн хоёрдугаар давхрын 6 өрөөг ашиглан 100 хүүхэд авч, СӨБ олгож байна. Харин дулааны асуудлыг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 4.5 сая, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2 сая төгрөг гаргаж өгснөөр усан болон импра халаалт авч дулаанаа шийдсэн байна. Дулаанаа шийдсэн ч цахилгааны зардал сардаа 1.5-1.6 сая төгрөгийн зардал гарч байгаа нь төсөв багатай байгууллагад хүндрэлтэй байгааг цэцэрлэгийн удирдлага хэлж байлаа.  

Хангай суманд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 305 хүүхдээс 100 хүүхэд хамрагдаж байгаа юм байна. Хэрэв шинэ цэцэрлэгтэй болох юм бол сумын хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэх боломж байгааг цэцэрлэгийн эрхлэгч Г.Сүрэнхорлоо хэлж байлаа.       

Б.Гэрэлт-Од

 

 

相关新闻