Нэгдсэн эмнэлгийн ачаалал удаан үргэлжилбэл наймдугаар сар гэхэд дампуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-17 14:49:34
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулатори ачаалал ихтэйгээр иргэдэд үйлчилж байна.Амбулаториор өдөрт 60 хүний шинжилгээ авах ёстой атал хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүстэй нийлбэл 100 гаруй хүний шинжилгээг авдаг байна. Үүнээс хэтэрвэл энэ оны наймдугаар сар гэхэд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг дампуурна гэдгийг Амбулаторийн тасгийн эрхлэгч, мэс заслын эмч Б.Тогтохбаяр хэллээ.

 Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмч нар өнгөрсөн долоо хоногт 1981 хүн үзжээ. Амбулаторийн 18 мэргэжлийн эмч нар өдөрт цахимаар цаг авсан 434 хүнийг үзэх ёстой байдгаас 2170 гаруй хүн буюу 180 хувиар илүү хүмүүсийг үзэж байна.

Тэд хэтэрхий ачаалалтай байгаа ч гэсэн үзүүлэхээр ирсэн хэнийг ч болов боломжоороо үзэхийг зорьдог. Гэхдээ тодорхой норм, багаж тоног төхөөрөмжид тааруулан цаг хугацаатай уралдаж үзлэгийг явуулдаг болохоор хүндрэлтэй байдаг гэдгээ учирлаж байлаа. Хамгийн гол нь боловсон хүчний дутагдал гэдгийг тэдний зүгээс хэлсэн юм. Эмч нарын зан харилцааны тал дээр тодорхой тайлбар өгөөгүй ч эмнэлгээр үйлчлүүлэгч нар үүргээ ухамсарлан хүлээцтэй хандахыг хүссэн юм. Мөн тодорхой тусгагдсан төсөв санхүүдээ тулгуурлан эмчилгээ үйлчилгээгээ аль болох түргэн шуурхай, чанартай хүргэх тал дээр анхаарч байгаа гэдгийг албаны хүмүүс онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

相关新闻