Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Засаг даргын нэрэмжит "Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн" энэ сарын 14,15-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Гурав дахь жилдээ Төв аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд албан хаагчид өмнөх жилүүдээс илүү хурд хүч, авхаалж самбаатай оролцож байна гэдгийг Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл хэлсэн юм.
Тэмцээн “гарааны өмнөх ажиллагаа, жагсаал, гардан байлдааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын норматив, химийн норматив, галын бэлтгэлийн норматив, 10 км-ийн марш” зэрэг үйл ажиллагааны төрлүүдээр зохион явагдлаа.
Энэ жил Зэвсэг хүчний 016-р бригадын хоёр тасаг, Зэвсэгт хүчний 119-р анги, Зэвсэгт хүчний 311-р анги, Зэвсэгт 011-р ангийн мобентийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын газрын тасаг, Цагдаагийн газрын хоёр тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэг бүхий найман байгууллагын 200 гаруй албан хаагчид оролцож шилдгүүдээ тодрууллаа.
Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хоёрдугаар тасгийн ахлагч Р.Баяраа ахлагчтай тасаг 1.16.35.39 долийн амжилтаар нэгдүгээр байрыг эзэлсэн бол ЗХ-ний 311 дүгээр ангийн дэслэгч Э.Энхтөр ахлагчтай тасаг 1.21.49.89 долийн амжилтаар хоёрдугаар байрыг эзэлсэн юм. Харин гуравдугаар байрыг ЗХ-ний 119 дүгээр ангийн ахлах дэслэгч Ч.Гомбосүрэн ахлагчтай тасаг 1.34.51.21 долийн амжилтаар тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, медаль мөнгөн шагналын эзэд болов.
Т.Есүхэйтөмөр