Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баярын өдөр төдийгүй, бүх монгол түмний бахархалт өдөр юм.
Монгол Улс 2003 онд УИХ-аар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль батлан гаргаж, гуравдугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгох шийдвэр гаргасан билээ. Тодруулбал УИХ-аас Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн албаны тухай гэсэн багц хуулиудыг шинэчилж, батлан гаргаж мөрдөж байна.
Батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүхэн хувь нэмрээ оруулах, хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжил олгох, баатарлаг түүхээ танин мэдэж, өвлөн уламжлахад энэ өдөр онцгой ач холбогдолтой.
Гуравдугаар сарын 18-ны өдөр буюу 96 жилийн ойг угтан "Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг", “Эх орны цэрэг-2017” яруу найргийн наадам, "Эх орон-Эр цэрэг" сэдэвт зохион бичлэгийн уралдаан зэрэг арга хэмжээг зохион байгуулж дүгнэсэн юм.
Б.Заяа