Тариат сумыг “Шинэ сум” болгох төсөл зогсонги байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-20 14:17:11

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат сумыг “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамруулж, сумын төвийн төсөвт байгууллагуудын нэгдсэн халаалтын уурын зуух, цэвэр бохир ус, цэвэрлэх байгууламж, өргөх станц бүхий усан сан зэрэг 5 тэрбум төгрөгийн ажил хийгдэх ёстой. Энэ ажлыг Архангай аймгийн “Эх голомтын илч”, “Цогт-Өнжүүл” ХХК-иуд 2014 оноос эхлүүлсэн ч өнөөдрийн байдлаар цэвэр бохир усны ажил хийгдэж, бусад ажлууд зогсонги байна.

Байгууллагуудын ойролцоо ухсан нүхнүүдэд ямар ч анхааруулга байхгүйн улмаас хүүхэд, хөгшид унаж бэртэх асуудал гарч байгааг Сумын Засаг дарга н.Алтан-Очир хэллээ. Тэрээр “Гүйцэтгэж байгаа компаний чадамж муу, мэргэжилтэй боловсон хүчин байхгүй, 2-3 метрийн чулуутай газар ухаж чадахгүй тоног төхөөрөмжтэй, дээр нь тухай цаг үед техник технологийн олон зөрчлүүд гарч байсан” гэдгийг онцоллоо.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг Тариат суманд ажиллах үеэр “Сумын төвийн шинэчлэл” төслийг холбогдох хүмүүст үүрэг өгч, даруй дуусгаж өгөхийг сумын удирдлагууд болоод нутгийн иргэд хэлж байсан. Энэ үеэр “Эх голомтын илч” ХХК-ий ерөнхий инженер н.Сүхээ суманд ажиллаж таарсан бөгөөд “Манай компаний зүгээс хийх ажил дууссан. Харин “Цогт-Өнжүүл” ХХК-ий ажил үлдсэн байгаа. Ямар ч байсан энэ ондоо багтаан хийж дуусгана” гэдгийг хэллээ.   

Б.Гэрэлт-Од

 

相关新闻