Шалган туслах ажлын хэсэг баруун сумдад ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу шалган туслах ажлаар ажлын хэсэг гарч энэ сарын 13-17-ны өдрүүдэд аймгийн баруун сумд болох Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Чулуут сумдад ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн төрийн захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ, хууль эрхзүй, архив, санхүү, төрийн сан, татвар, иргэний бүртгэл, хүнс хөдөө аж ахуй, газар төлөвлөлт гэсэн чиглэлүүдээр 15 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.
Сумдын хувьд архив, албан хэрэг хөтлөлт, хадгалалт, шинэ хуулийн мэдээлэл сурталчилгаа, санхүү, татвар, төрийн албан хаагчдын ажил үүрэг, гэрээ, түүний үнэлэлт дүгнэлт гэсэн чиглэлүүдээр зөрчил дутагдал гаргасныг газар дээр нь засч залруулж, зөвлөгөө өгч, зарим ажил дээр нь тодорхой хугацаатай үүрэг чиглэлүүдийг өгч ажиллажээ.
Сумдын албан хаагч нарт “Даргаас сайн шийдвэр гарна гэдэг сайн мэргэжилтнээс шалтгаална. Аливааг үргэлж төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөлт гэдэг нь хөгжил юм. Ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй ажиллаарай” гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид сануулж хэлж явсан юм.
Мөн аймгийн Засаг дарга сумдын ард иргэдтэй уулзаж, ЗГ-ын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, мөн “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох” зорилтын хүрээнд хийгдэх үйлдвэржилт, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний ажлууд болон эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хийгдэх ажлуудын талаар тодорхой мэдээлэл өгсөн байна.
Энэхүү шалган туслах ажил нь ирэх 4-р сард аймгийн хойд болон зүүн сумдад үргэлжлэх юм байна.
Б.Гэрэлт-Од