Эрүүл мэндийн салбарт санхүү, хүний нөөц хамгийн тулгамдсан асуудал болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 16-наас 19-нийг хүртэлх хугацаанд Сайншанд хотноо болов.
Зөвлөлгөөнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 35 гаруй удирдах ажилтан, эмчлэгч их эмч нар оролцож салбарын өнөөгийнд байдал, тулгамдсан асуудлууд, 2016 оны ажлын амжилт бүтээл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.
Төсөв санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, эм эргэлтийн сангийн хамтын үйл ажиллагаа, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тус тус сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх аймгийн дэд хөтөлбөрт санал оруулах зэрэг нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудлын талаар ярилцаж, санал солилцов.
Мөн “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр хөтлөлт” “Жирэмсний хяналт, түүний ач холбогдол” сэдвээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй зайн сургалт, “Бөөрний архаг өвчтөнг эмчлэх, сувилах арга зүй” зэрэг танхимын сургалтыг зохион байгуулав.
Эмнэлгийн байгууллагын удирдах ажилтнуудад Монгол Улсын гавьяат багш н.Пүрэвдорж “Ёс зүйгээс зан чанарын ёс зүйд шилжих нь” сэдвээр лекц уншсан нь оролцогчдын сонирхлыг татсан аж.
Эрүүл мэндийн салбарын 2016 оны ажил үйлсийг дүгнэхэд Өргөн сумын Эрүүл мэндийн төв, Сайншанд сумын Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын газар салбартаа тэргүүлсэн байна.
Зөвлөлгөөний үеэр 2016 оны 12 дугаар сард магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттай давсан тус аймгийн эрүүл мэндийн зургаан байгууллагад батламжийг нь гардууллаа.
Дөрвөн өдөр үргэлжилсэн удирдах ажилтны зөвлөлгөөнөөр оролцогчид шинэлэг, олон талын хэрэгцээтэй мэдээлэл сонссоноос гадна эмнэлгийн ажилтны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахаар болов.
Дашрамд дурдахад эрүүл мэндийн салбарт санхүү, хүний нөөцийн асуудал хамгийн тулгамдсан асуудал болжээ.
Х.Эрдэнэбулган