Дэд сайдууд Дорноговьд ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-нд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Дорноговь аймгийн Сайншанд хотод ирж, иргэд хөдөлмөрчидтэй уулзав. Тэрээр 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн гараас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүд, үүний хэрэгжилтийг танилцуулах,орон нутгийн ард иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор ажиллаж буйгаа дуулгасан.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга нарын албаны хүмүүсээс гадна аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин оролцов.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга иргэдэд өнгөрөгч оны сонгуулиас хойш МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан ажлууд, үүний хэрэгжилтийн талаар товч мэдээлэл танилцуулсан.
УИХ, Засгийн газраас улс орны эдийн засгийг сэргээх, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох зэрэг олон зорилтыг дэвшүүлж, тодорхой ажил зохион байгуулснаар оны эхний улиралд алдагдалтай байсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай гарсан, шинэ оны эхний улиралд төлөх ёстой байсан бондын 580 сая ам долларын асуудлыг шийдсэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаалийн татвараас чөлөөлсөн, ахмадуудад насны хишгийг жилдээ хоёр удаа олгож байхаар шийдвэрлэсэн, олон улсын валютын сантай хамтран ажиллаж байгаа гээд тус намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд эхнээсээ хэрэгжиж эхэлж буйг дурдсан юм.
Харин иргэд хөдөлмөрчид төрийн дунд түвшинд ажиллаж буй алба хаагчийг намын харьяаллаар шахдаг, халаа сэлгээ хийдэг байдал ихэсч буй талаар, дунд сургуулийн засвар үйлчилгээ, сурагчдын мэдлэг боловсрол, үндэсний спортыг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж үйлчилгээ, зарим сумдыг төвийн эрчим хүчинд холбох, орон нутгийг ус, дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг хөрөнгө санхүүгээр дэмжиж, шинэ зуух суурилуулах хүсэлт зэрэг зэрэг цөөнгүй асуулт асуусан.
Дэд сайдууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд иргэдийн асуултад хариулав. Мандах, Хатанбулаг сумыг энэ оны зургадугаар сард төвийн эрчим хүчинд холбох бол “Чандмань-Илч” компанийн үйл ажиллагааг судалж, дэмжиж ажиллах боломжтой гэв.
Харин аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэхдээ, "Засаг даргын мөрийн хөтөлбөрт хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр заалт орсон. Энэ чиглэлээр ажил хийгдэж байгаа. Улаанбадрах сумын ураны асуудлын хувьд 2016 оны зургадугаар сард сонгуулиас өмнө ашиглалтын лицензээ авчихсан байсан.
Бид энэ компанийг ажиллуулахгүй гэсэн шийдэлтэй байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр уул уурхайн компаниудтай хариуцлагын гэрээ байгуулсан.
Тухайн сум орон нутгаасаа залуус, иргэдийг ажлын байраар ханга, татвараа хугацаанд нь төл гээд тодорхой заалтууд тусгасан. Одоогоор 246 хүнийг ажилд зуучилсан.
Цаашдаа энэ тоо нэмэгдэнэ. Бид хямд үнэтэй орон сууцны хороолол эхлүүлсэн. Иргэдийн хөгжлийн төв, халуун усны барилга, 3d кино театр, гээд барихаар төлөвлөсөн ажлууд бий. Үүнд цөөнгүй ажлын байр бий болно" гэж хариулав. Уулзалтын төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр Боловсрол, соёл урлагийн газарт хоёр ширхэг компьютер гардуулав.
Х.Эрдэнэбулган