Шигшээ багийн тамирчид тангараг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-25 12:35:43

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу гуравдугаар сарын 24-нд Спортын төв ордоны А танхимд шинээр тодруулсан Үндэсний шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагч нар тангараг өргөв.

Тэд Монгол Улсаа 2017-2020 онд тивийн болон ДАШТ, Азийн наадам, Токиогийн зуны олимпийн наадамд төлөөлөн ур чавдар, хурд, хүчээ сорин оролцох нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээж байгаа юм.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара тэквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч хамрагдаж байна.

Харин байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгосон юм.

Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг өргөх ёслолд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй тус салбарын албаны хүмүүс оролцлоо. Баг тамирчдаа төлөөлж "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, Паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар индэрт гарч тангараг уншихад бүх тамирчид дагаж давтан хэлсэн юм.

Д.Өлзий

 

相关新闻