Спорт өвлийн загасчлалын улсын аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр боллоо.
Сурвалжлагч миний миний бие тэмцээний хоёр дахь өдөр Өгийнуурыг зорьлоо. Архангайд цас их оржээ. Өглөө эрт 06.00 цагт гарсан болоод ч тэрүү салхитай хүйтэн байна. Нар 07.40 цагийн үест мандахтай зэрэгцэн улам ч хүйтэн болж байлаа. Өөдөөс нар тусаж ээхэд би жаахан дуг хийжээ. Зүглэж үзээгүй Өгийнуураа хүнээс асууж байж 10.00 цаг өнгөрөөгөөд олж очлоо. Цас их унасан учраас нуурын мандал болоод орчны уул толгод нэлдээ цасан бүрхүүлтэй байлаа.
Зорьсон газраа хүрээд загасчдын бэлтгэл байлыг ажиж баахан алхав. Тэмцээний 2-р шат удахгүй эхэлнэ гэнэ. Төд удалгүй гучаад минутын дараа зооноосоо гарсан 60-аад загасчин тэмдэг бүхий байр байрандаа очиж, гараа өргөн зогсоно. Шүглийн дуугаар бүгд нуурын мөсийг маш хурдтай өрөмдөж, хэдхэн секундын дотор цоолж ус гаргаж байна. Ингээд загасчид тав таван метрийн зайнд жижигхэн дохиурын уурга гээд амны халбага шиг уурганаас нэг сэртэнтэй дэгээ, сатуркаа зүүж нуурын гүн рүү шумбуулна.
Тэмцээнд оролцогчид 3 цагийн турш сууж байж, барьсан загасаа жинлэж, уртыг нь хэмжчихээд буцаад нууранд тавьсан юм. Тэмцээний журмын дагуу хэн хамгийн том, их жинтэй загас барьсан нь аварга болдог журамтай. Энэ жилийн тэмцээн нь олон улсын жишигт хүрсэн шалгуураар загасчдын аваргыг шалгаруулснаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид өгүүлж байсан.
Тэмцээнд жилийн жилд 50-60 тамирчин оролцдог байсан бол энэ жил 25 багийн 125 тамирчин оролцсон юм. Тэр дундаа эмэгтэй баг тамирчид анх удаагаа оролцсон байлаа.
Улаанбаатар хотын “Women’s team Mongolia” багийн тамирчин С.Содбилэг
-Хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
-Манай багийнхан энэ тэмцээнд анх удаагаа оролцож байгаа, анхны тэмцээн. “Women’s team Mongolia” гээд загасчлалын анхны эмэгтэй тамирчид байгаа.
-Мөсний зузаан ямар байна?
-50-70 см байна. Харин усны гүн нь миний сууж байгаа газар 7 метр байна.
-Өчигдөр багаараа хэдэн загас барьсан бэ?
-Амжилттай байсан. Би зооноосоо 5-р гарч ирсэн.
-Спорт загасчлалын тухай таны бодол?
-Энэ спорт бол барьсан загасаа алж, загасны нөөцөд халддаггүйгээрээ давуу талтай. Бас загасаа заламгай хавиар нь гэмтээж болохгүй шүү дээ. Хичнээн сонирхолтой байлаа ч гэсэн байгальд ээлтэй спорт учраас сонирхон хичээллэж эхэлсэн дээ.
-Загас барихын юу нь сонирхолтой юм бэ?
-Загас яг дэгээнд ороод угзрах нь сайхан шүү.
Нэг баг 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд баг бүр 250,000 төгрөгийн мандатыг Өгийнуур сумын ЗДТГ-аас авдаг. Энэ мөнгө нь сумандаа татвар хэлбэрээр үлдэж Өгийнуурыг хамгаалах ажилд зарцуулагддаг байна. Аймаг орны зүгээс “Өгий сан”-тай хамтран Өгийнуураа хамгаалах, түүнийг аялал жуулчлалын нэг маршрут болгох тал дээр ийм бодлого барьж байна.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: Агнуурын биш спорт загасчлалын өвлийн уралдаан Өгийнуур дээр болдог болсноор үүнийг дагаад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. Түрүүч түрүүчийн ажлууд ч үүгээр хийгдэж байна. Нөгөө талаар Архангай аймгаас гаралтай, аймгийн брэнд болсон цорын ганц уламжлалт мөсний тоглоом болох мөсний шагайн харваа юм. Үүнийг бас Өгийнуур дээрээ зохион байгуулж байхаар болоод байна. Цаашид энэ хоёр тэмцээнийг тогтмолжуулж, дээрээс нь чарга, тэшүүр гээд олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг болгож бусад хүмүүсийг татах шаардлага байгааг Өгий сангийнхантай ярьж байна. Өгийнуураа хамгаалах тал дээр сүүлийн жилүүдээс ажлууд хийж эхэлсэн. Нуур маань хөгшин Орхон голоос тэжээгддэг хэдий ч ундарга нь муудсан учраас нуурын ус болоод загас жараахайнууд нь багасч байгаа. Ийм учраас “Өгий сан”-гаас залуу Орхон голоос хөгшин Орхон руу ус татах, урсацыг нэмэгдүүлэх, Өгийнуурын ундаргыг нэмэгдүүлэх төсөл бичиж, одоо ТЭЗҮ-ээ хийлгэчихсэн ажиллаж байна. Хөрөнгө оруулалт нь шийдэгдчихвэл Өгийнуурын маань усны эко орчин хэвийн болох боломж бүрдэх юм. Мөн нуурын баруун хойд талд 2500 гаруй мод бут тариад эхлэчихсэн. Жил бүр нэмээд тариад явахаар тэнд том ой төгөл бий болно гэж үзэж байгаа.
Спорт өвлийн загасчлалын улсын аваргаар багийн төрөлд Улаанбаатар клубын баг тамирчид тэргүүлж аваргын цомын эзэд болсон бол ганцаарчисан төрөл УБ хотын Хурд клубын тамирчин авсан юм. Харин хамгийн том загас буюу 1415 гр, 60 см урттай цурхайг Улаанбаатар клубын тамирчин н.Хэрлэнбаяр авч багийн дүнг нэмжээ.
Улаанбаатар клубын тамирчдын багийн ахлагч Г.Золбоо:
-Манай багийнхан их сайн, жигд оролцлоо. 1-р шатаас багийн тамирчин н.Жавхлантөгс, 2-р үеэс Ихбаяр маань, тэгээд хамгийн том загасыг н.Хэрлэнбаяр авч багаараа нэгээр гарч ирлээ. Маш их баяртай байна. Манай багийн тамирчид цаашид дэлхийн аваргад оролцохоор төлөвлөж байгаа.
“Өгий цом” тэмцээн нуурын загасанд ямар нэг хор хөнөөлгүй, байгальд ээлтэй байдлаар загасаа барьдгаараа бусад тэмцээнүүдээс онцлог. Өөрөөр хэлбэл, 2-3 сэртэнтэй дэгээ хэрэглэхгүй гэсэн үг. Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2014 оноос Монголын спорт загасчлалын холбоо, “Өгий” сан, Өгийнуур сумын ЗДТГ, Архангай аймгийн Чулуут-Орхон голын сав газрын захиргаа хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж ийнхүү дууслаа.
Мөсний шагай харвааны цомын эзэд тодорлоо
Өвлийн загасчлалын УАШ “Өгий цом 2017” тэмцээний үеэр Архангай аймгийн мөсний шагайн харвааны тэмцээн болж, 70 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм. Аймгийн Мөсний шагайн холбооны тэргүүнээр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан ажилладаг байдаг бөгөөд 2015 оноос эхлэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр загасчлалын “Өгий цом” тэмцээнтэй хамтатган хийж эхлэсэн байдаг.
Мөсний шагай харвааны цуваа харваанд Цэнхэр сумын харваач Н.Батхүү, Батцэнгэл сумын харваач М.Содномцамц, Цэнхэр сумын харваач З.Түвшинбат, Өгийнуур сумын харваач Д.Адуучинбаатар, УБ хотын харваач Б.Пүрэв-Очир нар эхний таван байрт орлоо. Багийн харвааны төрөлд 1-р байрт Цэнхэр сумын баг харваачид, 2-р байрт Өгийнуур сумын баг, 3-р байрт УБ хотын баг харваачид оржээ.
Ийнхүү наран шингэхтэй зэрэгцэн спорт загасчлалын болон мөсний шагайн харвааны “Өгий цом”-ын эзэд шагналаа гардаж авцгаасан юм. Дараа жилийн тэмцээн хол байна даа гэсээр ирсэн тамирчид нутаг нутгийн зүг жолоо заллаа.
Б.Гэрэлт-Од