МУИС-ийн багш нарын тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-30 13:34:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар өчигдөр МУИС-ийн Багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МУИС-ийн ҮЭНХ-ны дарга Ч.Чойсамба, МУИС-ийн Багш нарын холбооны тэргүүн П.Лхамсүрэн нарын төлөөлөл байлцаж МУИС-ийн тулгамдаад буй асуудлын талаар санал солилцов.

Боловсрол, шинжлэх ухаан бол нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс, баталгаа. Энэ баталгааг бий болгож, хөгжүүлж байдаг газрын нэг МУИС-ийн эрдмийн хамт олон болон суралцаж буй олон мянган оюутан, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлаж чармайн ажилладаг. Гэвч сүүлийн 4 жил дээд боловсролын шинэчлэл нэрийн дор МУИС-д хийгдсэн өөрчлөлт нь сургалт, судалгааны ажлын ололт амжилтыг үгүйсгэж, МУИС-ийн төдийгүй Монголын дээд боловсролын системийг унагасан харалган ажил болсныг дурдаад эдгээр асуудлыг багш нарын оролцоотой зөв системд оруулахыг Багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хүсэв. Мөн “МУИС-ийг удирдах хүн нь их сургуулийн үнэт зүйлс, хамт олны эрх ашгийг дээдэлдэг, хамт олноо мэддэг, өнгөрсөн 4 жил их сургуульд хийгдсэн шинэчлэлийн алдааг нь засаж чадах, их сургуульд сургалт, эрдэм шинжилгээ тогтмол эрхэлж, зохих шатны удирдах ажил хийж ирсэн, бэлтгэгдсэн, чадварлаг менежер байх ёстой” гэдгийг хэллээ.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, “Улс орны ирээдүйн хөгжлийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан хамт олон, эрдэмтэн багш нарынхаа санал бодлыг сонсож, багш нарын дунд судалгаа явуулж дээрх тулгамдаж буй асуудал бүрийг үе шаттайгаар шийдвэрлэх болно” гэдгээ хэлэв.

Ж.Болор

相关新闻