Сумдын багш, сурагчид монгол уран бичлэгийн дадлага хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан Монгол бичгийн зөвлөлгөөнд оролцогчдын хамгийн их анхаарал, сонирхлыг татаж байсан зүйл бол монгол уран бичлэгийн дадлага ажил, мөн уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн байлаа.
Уран бичээч ТЦолмон, Д.Ганбаатар нар уран бичлэгийн үзүүлбэр үзүүлж, сургалтанд оролцогчдод бийрээ хэрхэн зөв барих, зөв суух зэрэг уран бичлэгийн анхан шатны мэдлэгийг өгсөн юм.
Баяндэлгэр сумын Бүрэн дунд сургуулийн монгол бичгийн багш Р. Дэлгэрцогт “ Энэхүү сургалт зөвлөлгөөнийг манай сумаас гурван багш, гурван сурагч зорин ирсэн. Үнэхээр өгөөжтэй сайхан сургалт болж байна. Ер нь бидэнэд яг ийм төрлийн зүйл дутагдалтай байсан. Манай сурагчдын хувьд монгол бичгийн хичээлдээ маш идэвхтэй оролцож, олимпиад уралдаан тэмцээнд тогтмол ажилт гаргадаг. Гэхдээ яг уран бичлэгийн хувьд жаахан орхигддог тал бий. Би өөрөө ч анх удаа л бичиж үзэж байна. Бэх, цаас анх удаа нийлүүлж байгаа гэхэд болно. Хичээгээд мэргэжлийн хүнээр нь заалгавал цаашид бичээд байх боломжтой юм байна...” гэсэн юм. Тэр боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа юм байна.
Хөдөө сумдын сурагчдын хувьд уран бичлэг гэдэг зүйлээс ихээхэн ангид байдаг, тэр ч бүү хэл монгол бичгийг бийрээр ингэж уран сайхан бичиж болдгийг анх удаа харж байна гэх нэгэн ч байлаа. “Анх удаа бичиж үзэж байгаа болохоор эхэндээ гар эвлэхгүй эвгүй байсан. Гэхдээ сайн заалгаад хичээгээд бичсэн чинь болох юм шиг байна. Цаашид илүү их сурах болно...” хэмээн Халзан сумын ЕБС-ийн сурагч Н. Санжид ярьлаа.
Зөвлөлгөөнийг удирдан зохион байгуулагчдын зүгээс уран бичлэгийн дадлага ажилд ашиглах муутуу цаас болон бийр бэхийг тус бүр 40 ширхэгийг авчирсан ч хэрэглэгдэхүүн хүрэлцэхгүй нэг нэгтэйгээ ээлжилж дадлага ажлаа хийх явдал гарч байсан нь уан бичлэгийг сонирхох, мэргэжлийн багш нараас заавар зөвлөгөө авах гэсэн хүсэл сонирхолтой хүн олон байгааг харуулж байгаа хэрэг юм.
Мбн энэ үеэр гаруй төрлийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
Т. Одончимэг