М.Хүдэрбаатар: 500 гаруй санал гомдлын тал хувь нь "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-31 17:07:28

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Иргэнээ сонсох 11-11 төв” ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн талаарх иргэдээс ирсэн санал, гомдол, баримтын талаар сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Хэвлэлийн бага хуралд тус ТББ-ын тэргүүн М.Хүдэрбаатар, зохион байгуулагч Б.Хархүү нар оролцов.

“Иргэнээ сонсох 11-11 төв” ТББ-ын тэргүүн М.Хүдэрбаатар, “Гуравдугаар сард манай төвд нийт 500 гаруй иргэн санал гомдол гаргаснаас  тал хувь нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудал байв. Тэр дундаа шинээр томилогдсон захирлын талаарх иргэд санал, гомдол, баримтыг ирүүлсэн. Үүнийг нэгтгэн хүргэе. "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн газар нэгжүүдийн 21 захиралтай 2016 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн нэмэлт цалин урамшуулал олгох гэрээг шинээр байгуулжээ. Гэрээнд  21 захирал 1-3 жилийн хугацаанд нэмэгдэл цалин урамшуулал нэрийн дор 20 тэрбум 83 сая төгрөгийн төсөв гаргахаар тусгасан нь улсын мөнгийг шамшигдуулах хэрэг болсныг иргэд ирүүлсэн юм. Үүнийг ард түмний хөрөнгөөс гэрээний дагуу хулгай хийх үйлдэл гэдгийг иргэд уламжилж байна. Мөн  Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр буюу ажилд орсон анхныхаа тушаалаар Таван богд группээс 300 сая төгрөгийн үнэтэй “Lexus 570” машиныг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр худалдан авчээ.  Үүгээр ч үл барам Эрдэнэт хотын орон сууцны хэсгийн хоёрдугаар хорооллын 11 дүгээр байрны 27 тоотод хувийн орон сууцандаа 24 сая 687 мянга 800 төгрөгөөр тансаг засвар хийлгэсэн нь сүүлийн нэг жилийн дотор  эрх мэдэлтнүүд  тансаглаж буй нэг жишээ гэсэн гомдол манайд ирсэн. Үүнтэй холбогдуулан уг мэдээллийг шалгуулахаар  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандаж байна. Түүнчлэн иргэдийн хамгийн их бухимдаж буй зүйл бол халаас хоосондоо бус  цалин тэтгэвэр, тэтгэмж болж ирэх ёстой мөнгө хэдхэн хүний тансаглал болж байгааг шүүмжилсэн. Мөн  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь  яг төрийн мэдэлд байна уу, 20 хувийг нь хувьчилчихсан байна уу гэдгийг шалгуулах шаардлагатайг иргэд уламжилсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр хэд хэдэн компани байгуулаад эргээд бараа материал шахдаг гэх мэдээлэл ирсэн. Тиймээс бид иргэдийн өгсөн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд ыг шалгаж тогтоож өгөхийг хүсч байна. Төрийн гурван өндөрлөгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой 250  иргэнээс ирсэн саналыг баримттай нь хавсарган хүргүүллээ” хэмээн ярив.

 “Иргэнээ сонсох 11-11 төв” ТББ-аас төрийн өндөрлөгт хүргүүлж буй сануулах бичигт, "Иргэдийн мэдээллийг нягталж, шалгахгүйгээр олон түмэнд цацах, түгээх боломжгүйн дээр шалгаж үнэн зөвийг тогтоох нь Монгол Улсын төрийн үүрэг тул “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор байгуулах, одоо хууль ёсоор төрийн мэдэлд байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг бүтэн болон хэсэгчлэн хөрөнгийн биржээр шударгаар хувьчлах асуудлыг судлах, боловсруулах ажлын хэсэг байгуулах асуудлууд багтаж байна. Хэрэв иргэдийн санал хүсэлтийн дагуу тавьж буй энэ асуудлыг хэрэгжүүлэхгүй бол олон нийтэд хандан шийдвэртэй тэмцэнэ" гэжээ.

 Б.Заяа 

相关新闻