Д.Сүхбаатарын талбайд 400 гаруй иргэн ном солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг энэ сарын 01-нд Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт тогтмол зохион байгуулж буй.
Энэ удаагийн өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж, номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд гарын бэлэг гардуулсан юм.
Хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллан, залуучуудын оролцоо манлайллыг бий болгож флаш моб бүжгээр нийгэмд уриалга гарган ажилласан нь энэ удаагийн өдөрлөгийн онцлог байв. Төрийн бус байгууллагын залуучууд номоо солилцох өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж, номоо солилцохоос гадна флаш моб бүжиглэж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан номын хандивын аян өрнүүлж байгаа юм.
Нийт 400 гаруй иргэн цуглан номоо солилцсон энэхүү арга хэмжээний үеэр “Номтой өглөө” клуб, Адпро ХХК дэмжин оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа. Дараагийн өдөрлөг ирэх сарын 06-ны Бямба гарагийн 12:00-16:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болох тул уншигчдыг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.
Ж.Болор