Салхи шуургатай үед ой, хээр ил гал түлэхгүй байхыг сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар улсын хэмжээнд 10 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэйг анхаарууллаа.
Тодруулбал хаврын хуурайшилттай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, салхи шуургатай үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг сэрэмжлүүлэв.
Өнгөрөгч амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтын аманд хээрийн түймэр гарч, 60 орчим га талбай өртжээ. Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Богд уулын дархан цаазат газрын 7 ажилтан, нийт 33 хүн түймрийг бүрэн унтраажээ. Түймэрт өртсөн газрыг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
Мөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Баянцогт сум, Булган аймгийн Сэлэнгэ сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ой, хээрийн түймэр гарч Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран бүрэн унтраасан байна. Харин өчигдөр Төв аймгийн Сүмбэр суманд айлын өвөлжөө шатсанаас, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн хоёр удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Төв аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай ажиллаж, түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Б.Заяа