Ирэх онд инфляцийг 7 хувьд барина

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-22 14:23:08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулсан юм. Тэрбээр уул уурхайн супер цикл дуусгавар болж, манай улсын эдийн засагт 2012 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад худалдааны нөхцөл муудах, экспортын бүтээгдэхүүний үнэ дунджаар 30-70 хувиар буурах, гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр гурван жилийн дотор ДНБ-ий 45 хувьтай тэнцэх түвшнээс 1 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл огцом буурсан сөрөг нөлөөлөл бий болсон. Монгол Улсын эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал царцах үзэгдэл ирэх онд ч үргэлжлэх магадлалтай. Иймд энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангаж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглүүлж, ирэх онд инфляцийг 7 хувьд хадгалах, цаашид 5-7 хувийн түвшинд тогтвортой байлгах нь зүйтэй хэмээн үзсэн" гэж танилцуулгадаа дурдав.

Хууль санаачлагчийн болон байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж гишүүд 2016 оны төсвийн тухай багц хуультайгаа мөнгөний бодлого хэр уялдсан, мөнгөний бодлогыг төсөв хэлэлцэх үеэр давхцуулан хэлэлцэх зөв эсэх, банкны хүүг одоогийн түвшнээс бууруулах бололцоо байгаа юу гэх зэрэг асуудлыг тодруулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  “Дэлхий дээр монгол шиг өндөр хүүтэй банк санхүүгийн байгууллагатай газар байхгүй. Дэлхийн улс орнуудын банкны хүү 3-5 хувьтай байна. Манайтай адил зах зээлийн нийгэм рүү шилжсэн улс орнууд ч энэ систем рүү шилжиж байна. Гэтэл манай улсын банкууд 10-20 хувийн хүүтэй байна. Банк санхүүгийн байгууллагын хүү 30 хувьтай болсон байна” гээд мөнгөний бодлогыг намар хэлэлцэж байгаа нь хэр оновчтой эсэхийг лавласан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал уг асуултад, “Монгол Улсын мөнгөний бодлогыг төсөв хэлэлцэх үетэй давхцуулдаг нь нөлөөлөл сулруулах байдал руу хүргэдэг. Мөнгөний бодлогын нөлөөлөл олон сувгаар эдийн засагт очиж нөлөөлдөг. Үр нөлөөлөл нь хамгийн багадаа зургаан сар,  цаашлаад 36 сарыг харах ч шаардлагатай байдаг. Ер нь мөнгөний бодлогыг улсын төсөвтэйгөө хамт биш  хавар хэлэлцдэг байх нь илүү оновчтой” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Арилжааны банкууд хүүгээ бууруулах ямар ч ажил хийхгүй нь тодорхой болж байна. Дэндүү эх оронч бус банктай болсон байна. Банкны хүүг бууруулах арга хэмжээ авч байна уу” гэсэн асуудлыг тавьж байсан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал арилжааны банкуудын хүү бууруулах нөхцөл зах зээлд бүрдэж байгаа гэсэн тайлбарыг өгч байв. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг  Монголбанкнаас сүүлийн 3 жилд явуулсан мөнгөний бодлого байгаа олсон гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, "Сүүлийн үеийн тэргүүлэх эрдэмтэн судлаачдын хэлж бичиж байгаагаар бол шинэ тэнцвэрийн бодлого гэдэг дэвшилтэд, эрс шинэчлэл хийсэн мөнгөний бодлого орж ирж байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс хэлэлцэхийг дэмжиж байна" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа чуулганы хуралдааныг завсарлуулж, үдээс хойш санал хураалт явуулахаар боллоо.

Б.Туул

相关新闻