Харвардын Анагаах ухааны их сургуулийн Т2Т хөтөлбөр Монголд хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэй анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын сургуулиудын эрдэмтэн, багш нарын чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Дэлхийн боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Training to Teachers буюу Т2Т /Faculty Development Training Program/ хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр боллоо.
АНУ-ын Харвардын АУИС-ийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал, доктор Ажай Сингх Монголд хүрэлцэн ирж, энэхүү гэрээнд гарын үсэг зурав.
Харвардын Их сургуулийн судалгаа шинжилгээний албан ёсны нэгж байгууллага болох “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” ТББ, Харвардын Их сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Эмзүйн Шинжлэх ухааны их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, академич Л.Хүрэлбаатар зохицуулагчаар ажиллах юм.
Харвардын АУИС-ийн тус хөтөлбөр нь анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын эрдэмтэн, багш нарт клиникийн судалгаа, ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барилыг тэнхимийн болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр явуулахаас гадна багаар ажиллах чадварыг сайжруулдгаараа онцлогтой.
Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан уг хөтөлбөр нь есөн сарын турш үргэлжлэх бөгөөд “Critical thinking skills“ буюу шүүмжлэлт харьцуулалтын ур чадварыг эзэмшүүлэх юм. Сургалтад хамарч амжилттай төгссөн 100 хүнд Харвардын АУИС-ийн сертификат олгох юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцов.
Ж.Болор