Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох баг тамирчдын тоо нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-03 16:51:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээн боллоо.

Сүхбаатар аймагт сүүлийн жилүүэдд эрчимтэй хөгжиж байгаа спорт бол сагсаг бөмбөг юм. Тэр ч утгаараа энэхүү спортыг сонирхох, сонгох тачирдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2017 оны ААШ шалгаруулах өсвөрийн сагсаг бөмбөгийн тэмцээнд 48 багийн 400 гаруй тамирчид оролцлоо.

Аймгийн Биеийн тамир спортын газраас зохион байгуулдаг спортын олон төрлийн тэмцээн уралдаан дундаас хамгийн их оролцогчтой, хамгийн их үзэгчтэй байдаг тэмцээн бол сагсан бөмбөгийн тэмцээн юм. 2017 оны ААШ өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээнд 15 байгууллагын 48 багийн 400 гаруй тамирчид оролцон хурд хүчээ сорин гурван өдрийн турш өрсөлдлөө. Тэмцээнд Уулбаян, Дарьганга сумдаас бусад бүх сумдын баг тамирчид ирж оролцсон юм.

“Тэмцээний өрсөлдөөн жилээс жилд ширүүн болж байна. Энэ жилийн хувьд бүх багийн бэлтгэл, чадвар ижил түвшинд байгаа нь ажиглагдлаа. Бүх насны ангилалд маш сайн тоглолтууд гарч байна. Энэ бол сагсан бөмбөгийн спорт хөдөө орон нутагт гэсэн ижил түвшинд өхгжиж байгаагийн тод илрэл. Хүүхдүүд маань ч тэмцээндээ оролцох маш дуртай болсон...” хэмээн Түмэнцогт сумын ЕБС-ын биеийн тамирын багш Д. Ганбаатар хэллээ.

Сүхбаатар аймгийн баг тамирчид сагсан бөмбөгийн спортод улс даяар төдийгүй тив дэлхийн хэмжээнд нэрээ дуурсгаж эхэлсэн. 2017 оны Үндэсний лигийн тэмцээнд Сүхбаатар аймгийн баг тамирчид мөнгөн медаль хүртсэн, Сүхбаатар аймгийн уугуул, сагсан бөмбөгийн тамирчин Б. Батзолбоо нь Дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн зэрэг нь сагсан бөмбөгийн спортыг хүүхэд багачууд сонирхох, түүнд татагдах томоохон хөшүүрэг болж байгаа юм.

Т. Одончимэг

相关新闻