Сумын багшийн бүтээл Нью-Йорк хотноо үзэсгэлэнд тавигдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш, зураач Д.Солтаншари сүүлийн 2 жилийн турш зурсан зурагнуудаа онлайн үзэсгэлэнгүүдэд тууштай илгээж байсны үр дүнд Нью-Йорк хотноо зохиогдох “Мөрөөдөл ба бодол” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэнд бүтээлээ тавин, өөрийн биеэр оролцох урилга хүлээн авчээ.
Тус үзэсгэлэнг “Нью-Йорк реализм” дүрслэх урлагийн студи энэ сарын 16-23-ны өдрүүдэд Нью–Йорк хотын “Баруун хүрээлэнгийн урлагийн галерей”-д зохион байгуулах ба Солтаншарипийн илгээсэн нийт 6 бүтээл дундаас 2-ыг нь сонгон авч тус үзэсгэлэнд тавих гэнэ.
Зураач багш Солтаншарип саяхан аймгийн хэмжээнд зохиогдсон Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож, дүрслэх урлагийн төрөлд аймгийн багш нарын дунд алтан медаль хүртжээ. 1995-оноос зураач болох гараагаа эхэлсэн Д.Солтаншарип нь одоогоор голцуу казах үндэстний соел, ёс заншлыг харуулсан бүтээлүүд туурвидаг байна. Тэрээр Ховд их сургуулийг Шугам зургийн багш мэргэжлээр төгсчээ.
Б.Жасдаурен