БНХАУ-ын тусламжаар Баянхонгор аймагт арьс нэхий боловсруулах үйлдвэр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-04 15:44:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд Баянхонгорт байгуулж буй "Арьс нэхийний үйлдвэр"-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон албаны бусад оролцов.  

УИХ-ын гишүүн Г.Занданшатар уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Засгийн газраас 21:100 үйлдвэржилтийн бодлого дэвшүүлж буй. Үүний зэрэгцээ өнөөдөр арьс нэхийний үнэ ханш буурч үнэгүйдэж байгаатай холбоотой иргэд хөдөлмөрчдөөс орон нутагт энэ төрлийн жижиг дунд үйлдвэртэй болох санаачилгыг удаа дараа дэвшүүлж байгаа. Энэхүү санаачилгыг БНХАУ-ын Элчин сайдын яаманд уламжлахад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр дэмжихээ илэрхийлснээр өнөөдрийн энэхүү нээлтийн арга хэмжээ болж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор эрдэнэт малынхаа арьс нэхийг боловсруулаад зогсохгүй, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах бололцоо бүрдлээ” гэлээ.

Үүний дараа Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, “БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа. Си Зиньпин даргын болон манай улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Монголын талтай бүхий л салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. Үүний дотор эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг хурдтай хөгжүүлж байгаа билээ. Мөн орон нутагтай харилцах харилцаа ч хамтын ажиллагааны салшгүй нэгээхэн хэсэг юм. Тиймээс Баянхонгор аймагт буцалтгүй хөрөнгөөр Хятад-Монголын найрамдлын үйлдвэрийг барихаар хөрөнгө оруулаад байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны нэг хэсэг билээ. Цаашид бид хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхэд бэлэн байна” гэв.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Жинст, Баянговь, Шинэжинст, Баянлиг, Өлзийт, Богд гэсэн 6 суманд хонины нэхий, ямааны арьс боловсруулах цехийг байгуулж өгч байна. Түүнчлэн аймгийн төвд өдөрт 200-гаас доошгүй бог, бодын арьс шир боловсруулах дунд хэмжээний үйлдвэр байгуулж өгөх гэж байна. Өнөөдөр сумдад бэлэглэсэн цехүүд маань эхнээсээ ажиллаад эхэлсэн. Иймд 200 мянган юанийн хөрөнгө оруулалтыг хийсэн БНХАУ-ын Элчин сайдын яам, Элчин сайд Шин Хайминд талархлаа илэрхийлье” гэсэн юм.

Өдгөө тус аймагт хонины нэхий дунджаар 2000, ямааны арьс ноолууртайгаа 20000 төгрөгийн ханштай байгаа аж. Эдгээр үйлдвэрүүд ажилд орсноор хий хаягдаж буй арьс нэхийг үйлдвэрлэлийн аргаар хямд өртөгөөр боловсруулж зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ дулаан хөнгөн, чанартай гутал хувцас, хөнжил, автомашины суудлын бүрээс зэрэг бүтээгдэхүүнээр дотоодын болон гадны хэрэглэгчдийг хангах нь. Үүний зэрэгцээ аймгийн хэмжээнд нийт 50 гаруй баталгаат ажлын байр бий болж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэллээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻