Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-19 17:51:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

 

Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албанд 23 жил 9 сар ажилласан, үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, Авлигатай тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр тус тус ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй. Л.Золзаяа нь 2021 оноос хойш үндэсний аюулгүй байдал, гадаад харилцааны чиглэлээр ажилласан төрийн албаны туршлагатай.

 

Ц.Амартөгс нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Төрийн албанд 25 (дэс түшмэлийн албан тушаалд 8.8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 12, тэргүүн түшмэлийн албан тушаалд 4.7) жил ажилласан туршлагатай. Үүнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын дарга, Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

 

Б.Төгсцэнгэл 1978 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 47 настай. Эрх зүйч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй, төрийн албанд 15 (Ахлах түшмэлийн албан тушаалд 8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 5.5, тэргүүн түшмэлийн албан тушаалд 1)  жил ажилласан туршлагатай, үүнээс УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн шинжээч, референт, Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт, зөвлөхөөр ажилласан. Өдгөө УИХ-ын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.


Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүний үүрэгт  ажлаас чөлөөлж, Л.Золзаяа,  Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томилохыг дэмжиж, УИХ-ын тогтоолыг эцэслэн баталлаа.

相关新闻