Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-04 16:02:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн албаны зөвлөлөөс санаачлан өнөөдөр “Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлэг зохион байгуулав.

Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчил болон намын үйл ажиллагаанаас ангид болгох нь УИХ, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудын нэн тэргүүний үүрэг гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэлцүүлгийн нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “1992 онд батлагдсан Үндсэн хуулиар төрийн үйл ажиллагааг улс төрийн нам, аж ахуйн үйл ажиллагаанаас тусгаарлаж төрийн албаны чиг үүргийг тодорхойлсон ч цаг үеэ даган шинэчлэх шаардлага гарсан. Төрийн албаны шинэтгэл сүүлийн 7 жил гаруйн хугацаанд яригдаж, холбогдох хуулийг олон удаа дахин боловсруулсан. Гэвч шинэчлэлийн ажил удаан байна. Шинэчлэлийг шуурхай явуулж, тогтвортой төрийн алба ажиллах нь Монгол төрийн дархлааг бэхжүүлэх суурь нөхцөл юм” хэмээв.

Албан хаагчийг намын харъяаллаар ажлаас чөлөөлөх, томилдог нь төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулж байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо илтгэлдээ онцоллоо. Мөн төрийн дээд байгууллагууд бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг байдлыг зогсоох, улс төрөөс хараат бус болгох шаардлагатай гэдгийг дурьдсан юм. Тэрбээр, “Төрийн албанд олон жил ажилласан ч чадваргүй, өөрийгөө хөгжүүлдэггүй, хариуцлагагүй хүмүүсийг чөлөөлөх шаардлагатай юм. Тиймээс орон нутагт таван жилд, яам, агентлагууд гурван жилд нэг удаа шалгалт зохион байгуулж, үр дүнд нь албан хаагчийг чөлөөлөх, тушаал бууруулах эсхүл урамшуулахад нөлөөлдөг байх хэрэгтэй юм. Ингэснээр төрийн албан хаагч биеэ дайчлах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл, эрмэлзэл нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Мөн төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлыг байнга зохион байгуулж байх ёстой. Түүнчлэн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай байгаа. Өнөөдөр алба хаагчийн дундаж цалин хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс 30 хувь бага буюу 805.3 мянган төгрөг байна. Төрийн албан хаагчийн цалин хэрэглээний барааны үнийн өсөлтийг гүйцэхгүйгээр барахгүй ихэнх нь цалингийн болон орон сууцны зээлтэй байгаа. Дээрх саналуудыг хууль тогтоогчид болон холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй” гэлээ.

Иргэдийн дунд явуулсан судалгаагаар 27 хувь нь төрийн албан хаагчид авлига авдаг, 60 гаруй хувь нь авлига авсан албан тушаалтандаа хариуцлага тооцож чадахгүй байна гэх хариулт өгчээ. Тиймээс авлига хээл хахуультай хатуу тэмцэж, хуулийн хариуцлагыг чангатгахгүй бол ирээдүйд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай гэдгийг оролцогчид онцоллоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻