Ганга нуурыг хамгаалах “Ногоон зурвас” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-04 16:52:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ширгэж үгүй болж байгаа Ганга нуураа аврах Сэтгэлийн хүч аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Сэтгэлийн хүч” хандивын тоглолт энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно. Тус тоглолтыг Сүхбаатар  аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд болон Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Тоглолтын орлогыг Ганга нуурыг хамгаалах Ногоон зурвас төсөлд зарцуулах юм.

"Сэтгэлийн хүч" тоглолтонд Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн 108 лам хуварга хамтран нутаг орныхоо уулс ус, байгаль дэлхийгээ аргадах ном хурж, нутгийн дуучид уран бүтээлчид ая дуугаа өргөж, яруу найрагчид өөрийн шүлэг яруу найргийн дээжээсээ уншиж сонирхуулах юм. Одоогоор тоглолтын бэлтгэл ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Улаанбаатр хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвьлөлөөс жил бүр  нутгийнханы сар шинийн золголт, Шашин урлагийн цэнгүүн зэргийг зохион байгуулдаг. Энэ жилийн  хувьд энэ бүх арга хэмжээг дээрх хандивын тоглолттой хамтатган  хийж байгаагаараа бас онцлог юм.

Ганга нуурыг хашаалж хамгаалах "Ногоон зурвас" төслийн зураг төсөл бэлэн болжээ. Төслийн хүрээнд Ганга нуурыг тойрсон 662 га газрыг хашаалах бөгөөд энэхүү төслийн нийт өртөг нь 600 гаруй сая төгрөг байх юм. Зөвхөн нэг ширхэг хашааны өртөг нь 225,032 төгрөг юм байна. Удаан эдэлгээтэй, бат бөх чанарыг нь бодож ийнхүү өндөр өртөгтэй хашаа хайсыг сонгожээ. Өмнө нь Ганга нуурыг тойруулан барьсан хашаа нь захаасаа эвдэрч унасан, малчид хүссэн газраараа малаа оруулах боломжтой болоод байгаа юм.

Т. Одончимэг

相关新闻