Хурдан морины уралдааныг 6 дугаар сарын 1 хүртэл хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймагт хурдан морины уралдааныг ирэх 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргаад байна.
Энэ шийдвэрийн дагуу энэ жил зохиохоор төлөвлөсөн хурдан морины 5 уралдаанаас 4 дүгээр сард хийх байсан “Булган хангайн ирээдүйн түмэн эх-2017” доод гурван насны морьдын аймгийн бүсийн уралдаан, “Хутаг-Өндөрийн хурд-2017” хойд бүсийн доод гурван насны морьдын уралдааныг зохион байгуулахгүй байх нь бололтой.
Монголын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу орон нутагтаа хурдан морины уралдааныг хориглох шийдвэр гаргасан аж.
“Хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас Захиргааны хэргийн шүүхэд хандан маргаан үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр Монгол Улсын Засгийн газрын тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлсэн шүүгчийн Захирамжийг хүлээн авснаас хойш хаврын морины уралдааныг хориглон ажиллаж байна. Мэргэжлийн байгууллага буюу манай салбар холбооны оролцоогүй, орон нутгийн удирдлагын шийдвэргүйгээр хэсэг хүмүүс хууль бус зөвшөөрөлгүй уралдааныг дур мэдэн зохион байгуулсны улмаас хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай явдал тохиолдсон тул зуны уралдааныг хүртэл морины уралдааныг хориглож бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү” гэж Монголын морин спорт уяачдын холбоо хүссэн байна.
М.Батжаргал