Хөгжмийн сургуульд сурах урилгаар шагнуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. “Уран эгшиг” өсвөрийн хөгжимчдийн Улсын 6-р уралдаанд Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Таванхан” морин хуурын чуулгын сурагчид амжилттай оролцоод ирлээ.
Өсвөрийн хөгжимчдийн "Уран эгшиг" улсын VI уралдаан түрүү сарын 31-ний өдрөөс энэ сарын 1-ний өдрүүдэд Орхон аймгийн Хүүхэд залуучуудын тeатрт болсон байна. Тус уралдаанд Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Орхон болон 21 аймгийн 70 гаруй багш, 230 гаруй авьаслаг сурагчид ур чадвар, авьяас билгээрээ өрсөлджээ. Уралдаанд оролцсон Сэлэнгийн “Таванхан” морин хуурын чуулгынхан амжилттай оролцож, “Хамтлаг” төрөлд дэд байрт шалгарч мөнгөн медаль хүртсэн аж. Харин уралдааны гоцлол төрлийн бага насанд “Таванхан” морин хуурын хамтлагийн Г.Идэрбат, ахлах насанд Б.Зоригтбаатар нар 3-р байрт шалгарч, хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн Б.Зоригтбаатар хөгжмийн их сургуульд Хөгжмийн Багш мэргэжлээр сурах урилга гардан авчээ.
Энэхүү уралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ивээн тэтгэсэн байна.
Ч.Отгонцэцэг