“Иргэн бүрт эрүүл хүнс” аян явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл хүнсний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй хүнс, хэрэглээнээс татгалзах дадал төлөвшүүлэх зорилгоор “Иргэн бүрт эрүүл хүнс” сарын аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд тус газрын улсын байцаагчид Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 250 оюутанд “Хүнсээ зөв сонгох”, “Бүтээгдэхүүний хугацааг харах”, “Бүтээгдэхүүний хаяг шошго”, “Хуванцар савны хор уршиг” зэрэг сэдвүүдээр үзүүлэх сургалт хийж, Хүнс, Хөдөө аж ахуйн газартай хамтран “Газар тариалангийн үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулаад байна.
Мөн иргэдийн санал бодлыг сонсох, асуусан асуултуудад хариулт өгч, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Толбо, Дэлүүн сумдад өдөрлөг зохион байгуулан иргэдэд хүнсний аюулгүй байдлын талаар зөвлөгөө өглөө.
“Иргэн бүрт эрүүл хүнс” аян 4 дүгээр сарын 15-нд өндөрлөх бөгөөд аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас тус аянд аймгийн төвийн болон бүх сумдын үйлчилгээний газруудын тогоочид, хүнсний дэлгүүрүүдийн худалдагчдыг хамруулах зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
Ө.Нурболат