Чанарын менежментийн тогтолцооны талаар сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн эхээр Баян-Өлгий аймагт “Чанарын менежментийн тогтолцоо-МNS ISO 9001:2016 стандартын үндсэн шаардлага” сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгуулагдлаа.
Тус сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс аймгаас мэргэжилтнүүд оролцов. Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид стандартыг хэрэгжүүлэхийн ач холбогдол, дүрэм журам, чанарын менежментийн тогтолцоог удирдах аргууд, хэрэгжүүлэх зарчим, тавигдах шаардлага зэрэг онол практик хосолсон суурь ойлголтуудын талаар мэдлэгтэй боллоо.
Байгууллагууд энэ стандартыг хэрэгжүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулах бүрэн боломжтой болно гэж үзэж байгаагаа сургагч багш Стандартчилал, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр хэлж байлаа.
Б.Жасдаурен