Уран дархан Хумарбект Казахстан, БНХАУ-аас захиалга ирдэг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/ Уран дархан Х.Хумарбек нь аймагт төдийгүй хөрш орнуудад ч танигдсаар байна. Баян-Өлгийд казах үндэстний гар хийц бүхий ахуйн хэрэглэлүүд хийдэг Үндэстний уламжлалт уран дархан Х.Хумарбек нь өдгөө Казахстанаас болон БНХАУ-аас захиалга авдаг болжээ.
Тэр голцуу өнгөт металл, мод, арьс шир, яс болон чулуугаар ахуйн хэрэглэлүүд урладаг байна. 10 настайгаасаа нарийн хийцийн эдлэлүүд урлаж эхэлсэн бөгөөд одоо бүрэн тоноглогдсон сийлбэртэй казах гэр, морины хэрэгслүүд, казах бүс болон гоёлын хутганууд хийдэг юм. Түүний хийсэн уран нарийн гар хийц бүхий эдлэлүүд нь голцуу Хэрэйд омгийн онцлогт шинж чанар агуулж казах үндэстний хээ угалзтай байдаг нь хэрэглэгчдийн сонирхлыг татдаг байна.
Уламжлалт уран дархан болох нь төрөлхийн авьяастай холбоотой гэж үздэг Х.Хумарбек нь одоогоор өөрийнхөө уг гар урлалыг өвлүүлэн үлдээх зорилгоор хүүхдүүддээ зааж сургаж байна.
Б.Жасдаурен