“Мэтгэлцээн-2017” тэмцээний шилдэг багууд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛСонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн ахлах ангийнхны дунд “Мэтгэлцээн-2017” тэмцээнийг өнгөрөгч бямба гарагт тав дахь жилдээ зохион байгууллаа. Уг тэмцээнд тус бүр нь 3 суралцагчтай нийт 22 баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт 12-р сургууль, дэд байрт 107-р сургууль, гуравдугаар байрт 124 болон 86-р сургуулийн багууд шалгарч шилжин явах цом өнгөрсөн жилийн аварга баг 12-р сургуулийнханд дахин үлджээ.
Хасагдах журмаар дөрвөн дөрвөн үе шаттай явуулсан уг мэтгэлцээний сэдэв буюу шийдэл хүлээсэн асуудлууд нь сурагчдын өөрсдийнх нь сургуулийн орчин төдийгүй нийгмийн өмнө тулгамдсан асуудал байв. Тухайлбал, Сургуулийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш сурагчдын оролцоо ижил байх ёстой, Интернэт мэдээллийн хэт хяналтгүй байдал нь сурагчдыг цахим гадуурхалд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг, Улс орнууд байгалийн баялагаа хойч үедээ зориулан хадгалах нь зүйтэй, Орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд төрийн оролцооноос илүү хувь хүний оролцоо зэрэг чухал асуудлуудаар оюун ухаанаа сорив.
Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иудын “Залуус - манлайлал” мэтгэлцээний клубуудын санаачилгаар тогтвортой явуулж ирсэн энэхүү тэмцээнийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд дэмжин ажиллаж иржээ.
Ж.Болор