Сумаараа нийтийн цэнгээнт бүжиг сурч, аймагтаа анхдагч болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, аймагтаа цэнгээнт бүжгийн анхдагч сум болох зорилгоор Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ЗДТГ, ИТХ, Соёлын төв хамтран Нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээний өмнө Монголын нийтийн бүжгийн спорт холбооны багш дасгалжуулагчдыг урилгаар авчирч төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхэнийг долоо хоногийн бүжгийн сургалтанд хамруулжээ.
Нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнд тус сумын төр захиргааны зургаан байгууллагын 70 хос буюу 140 хүн оролцож, авъяас билгээ сорин өрсөлдлөө.
Уулбаян сумын засаг дарга Д. Шижирбаатарын санаачлагаар энэхүү тэмцээн нь зохион байгуулагдсан бөгөөд Уулбаянчууд сумаараа бүжигчин болох том зорилтыг дэвшүүлжээ. Тэрээр “Тухайн улс, аймаг орон нутгийн удирдлагуудын гол зорилго бол ард иргэдээ хэрхэн эрүүл саруул байлгах вэ гэдэг ганц зүйл. Бусад асуудал бол эрүүл мэндийн ард тавигдах ёстой. Тиймээс бид бүжгээр дамжуулан ард иргдээ эрүүлжүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг зорьсон юм. Нийтийн бүжиг гэдэг бол спорт. Энэ спортоор манай сумын бүх хүн хичээллэдэг болох болно. Бид эхний ээлжинд төрийн албан хаагч болон энгийн иргэд нийлсэн 200-аад хүнийг сургаад авлаа. Одоо тэд цаашид сураагүй хүмүүстээ болон үр хүүхэддээ зааж сургах учиртай. Ингээд уламжлагдан явсаар манай сумын бүх хүн бүжигчин болох юм. Тэмцээнд орж байгаа хүмүүсээ хараад үнэхээр бахархаж байна. Долоо хоног маш сайн сураад, үлдсэн хугацаанд нь өөрсдөө бэлтгэлээ өдөр бүр хийж байсан нь ажиглагдлаа. Уулбаянчууд аймагтаа анхдаг бүжигчин хамт олон болч чадлаа. Энэ бол хүн ардын эрүүл мэндийн төлөө хийгдэж байгаа маш том хөрөнгө оруулалт юм. Санаачилсан ажлыг минь дэмжсэн, хамтарсан бүх хүмүүст маш их баярлалаа...” гэсэн юм.
Монголын Нийтийн бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч Б.Жияандорж, гүйцэтгэх захирал н.Ундрах, нийтийн бүжгийн зөвлөх багш С.Оюунцэцэг, багш н.Буянравжих нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс Уулбаян суманд 2017 оны 01 дүгээр сард ирж тус сумын төрийн албан хаагчид, ард иргэдэд долоо хоногийн сургалт өгч 16 нэр төрлийн нийтийн бүжгийг заажээ. Харин гурван сарын дараа ирж өөрсдийн сургалтын үр дүнгээ үзэж, шилдгүүдээ шалгаруулсан нь энэ юм.
“Цэнгээнт бүжгийн анхдагч сум болох энэ сайхан арга хэмжээнд ирж оролцсондоо туйлын их баяртай байна, бас энэ нутгийн ард иргэдээр бахархаж байна. Уулбаянчууд сумынхаа болон Монголын нийтийн бүжгийн түүхэнд тэмдэглэгдэхүйц сайхан үйлс бүтээлээ. Хүмүүс нийтийн бүжиг гэдэг бол хэдэн ахмадууд нийлээд бүжиглэхийг хэлдэг мэтээр ойлгодог. Энэ бол маш харамсалтай. Харин, үүнийг үгүй гэдгийг нь Уулбаянчууд нотлон харууллаа. Энэ үйл ажиллагаанаас бусад сумдынхан үлгр жишээ авч, үргэлжлүүлэн нутаг орондоо зохион байгуулах хэрэгтэй...“ хэмээн Монголын нийтийн бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч Б. Жияандорж хэллээ.
Монголын нийтийн бүжгийн спортын холбооны салбар холбоо Сүхбаатар аймагт 2011 онд байгуулагдсан. Гэвч өөрийн гэсэн байргүй учир тогтмол бэлтгэл сургуулилт хийх боломжгүй, мөн хүмүүсийг сургалтанд олноор хамруулж чаддаггүй тухай аймгийн салбар холбооны тэргүүн Т. Ганзориг ярьж байлаа.
Нийтийн цэнгээнт бүжиг бол спортын нэг төрөл болохыг 2015 онд баталсан. Тийм учраас цаашид нийтийн биеийн тамирын арга хэмжээний хүрээнд нийтийн бүжгийн спортыг сурталчилах, түүгээр хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэхийн тулд аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын Нийтийн бүжгийн спортын холбоотой хамтран ажиллахаар болсон юм.
Шилдэг нийтийн бүжигчин хамт олноор Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургууль шалгарсан бол, сумын ЗДТГ, Соёлын төв болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хамтарсан багууд удаах байруудыг эзэллээ.
Т. Одончимэг