ЭМЯ, АХБ-ныхан Ховдын эмнэлэгтэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-12 08:55:57

Ховд/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн 3 сард Ховд аймагт ажиллах үеэр тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөхөөр болсон билээ. Монгол Улсын Засгийн газар  Эрүүл Мэндийн Яаманд Ховдын эмнэлгийн шинэ барилгын асуудлыг уламжилсан байна.

Энэ дагуу ЭМЯ-ны эм үйлдвэрлэлийн технологийн газрын дарга Л.Мөнхтуяа, бодлого төлөвлөлтийн газар, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Я.Болормаа, Азийн хөгжлийн банкны Раушан Малаткулов тэргүүтэй албаны хүмүүс Ховд аймгийн БОЭТ-тэй танилцахаар хүрэлцэн ирснийг аймгийн Засаг дарга, нийгэм, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Уранчимэг нар холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудын хамт хүлээн авч уулзлаа.

ЭМЯ, Азийн Хөгжлийн Банкнаас ирсэн хүмүүс байдлыг газар дээр нь үзэж, судлан ямар хэмжээний далайцтай ажил гарч байгаа газар дээр нь танилцах зорилготой гэдгээ хэллээ.

АХБ-ны 5 дугаар төслийн хүрээнд Ховд аймгийн эмнэлэгт цусны аюулгүй байдлын төв, мэдээлэл технологийн өргөтгөл, эмнэлгийн үйлчилгээний дотоод аюулгүй байдал, микробиологийн лабораторийг засварлаж, бүрэн тоноглох гэм мэт төслийн явцтай  танилцаж, судлах зорилготой ирсэн байна.

Аймгийн удирдлагууд, хүн амын дунд хавдар өвчлөл их гарч, зайлшгүй яаралтай оношилгоонд явахын тулд тухайн өвчтөн онгоцоор явдаг,  унааны зардал хэт өндөр, хүүхдийн тасаг, зүрх судасны тасгийн ор хүрэлцдэггүй, ачаалал их байдаг,  өндөр уулын бүсийн хүн ам өвчлөл ихтэй, дээр нь аймгий төв Жаргалант сумын 40,0 гаруй мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ор хүрэлцдэггүй, баруун бүсийн аймгуудаас өвчтөн ихээр эмчлүүлдэг, баруун бүсийн аймгуудын нийт 400 гаруй оюутан амьдардаг, хүүхдийн мэс засал хийх тоног төхөөрөмж байхгүй зэрэг олон бэрхшээлтэй асуудлаа дурьдлаа.

Мөн Бельгийн Засгийн газрын санхүүжилтээр ирэх эмнэлгийн тоног төхөөрөмж байрлуулахад аймгийн эмнэлгийн барилга шаардлага хангахгүй учир авч чадахгүйд хүрч хүндрэлтэй байгааг ч  хэллээ.

ЭМЯ-ны зүгээс аймгийн засаг даргад хандаж аль ч аймагт тохиолддог бэрхшээлтэй асуудлын нэг АХБ, ОУБ-ын төсөл хөтөлбөрөөр хийгдсэн бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж, технологийи шинэчлэх явагдаж байгаа учир хүний нөөцийг бэлтгэх, урсгал засвар үйлчилгээ, сэлбэг гэх мэт анагаахын салбарт гарах дагалдах зардлыг төсөвт тусгаж өгөхийг орон нутгийн удирдлагаас хүслээ.

Сүүлийн жилүүдэд хоёр ч удаа Ховд аймагт эмнэлгийн барилгын шав тавих ёслол болсон хэдий ч эмнэлгийн барилгын асуудал шийдэгдээгүй өдий хүрсэн юм. Хязгаар нутгийн хүн амын тоо өсөж байгаа хэдий ч хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэхэд ачааллаа дийлэхгүй байгаа Ховдын Бүсийн оншилгооны төв шинэ барилгатай болж өргөжинө гэдэгт Ховдчууд итгэлтэй байна.  

А.Бямбасүрэн

相关新闻