ХОВД: Булган, Бодонч, Үенч голын усны түвшин нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс баруун бүсийн сумын иргэдэд үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Энэ сарын 28-нд орсон борооны улмаас баруун бүсийн Булган, Үенч, Алтай сумын нутагт орших Булган, Бодонч голын усны түвшин 8-11 см нэмэгдэн үерлэжээ.
Мөн Үенч гол үерийн түвшнээс 16 см даван үерлэж байгаа тул гол дагуу суурьшиж байгаа өрх болон амралт, аяллаар яваа иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Түүнчлэн бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, голын усанд оруулахгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөв.