Нутгийн бөх Н.Мустафаг сая төгрөгөөр урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Сүүлийн үед төрсөн аймгийнхаа нэрийг өндөрт өргөж, одтой сайхан барилдаж яваа аймгийн арслан Нурланы Мустафаг УИХ-ын гишүүн Д.Мурат, 'Цомбо’ ХХК-ны захирал К.Ерик нар тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан талаар “Өлгий хүчтэн” бөхийн дэвжээнээс мэдээллээ.
Н.Мустафа нь Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд аймагтаа түрүүлж “аймгийн арслан” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн бол түүнээс хойш олон барилдаандуудад их, бага шөвөгт шалгаран үлдэж, саяхан болсон Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, улсын харцага О.Бахытын нэрэмжит казах түмний “Наурыз”-ын баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд мөн түрүүлж нутгийн иргэдийг баярлуулсан юм.
Тэрээр “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээнд харьяалагдаж бэлтгэл сургуулилтаа базаадаг бөгөөд улсын цолонд хамгийн ойрхон бөх гэж нутгийн зон олон найдвар тавьж байгаа залуу бөхчүүдийн нэг юм.
Ө.Нурболат