МУСГЗ Ай.Төмөр-Очирыг салбарын “Хүндэт гишүүн”-ээр өргөмжлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-12 11:22:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очир нь 2014 онд  Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнуулсан. Түүний энэхүү шагналд хүндэтгэл үзүүлж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс түүнийг салбарын “Хүндэт гишүүн”-ээр өргөмжиллөө.

МСНЭ-ийн Салбар зөвлөлийн тэргүүн Д.Улаанхүүхэн  “Монгол Улсын 21 аймгийн салбар зөвлөлүүд дунд СГЗ гишүүнтэй эвлэл тун цөөхөн байх. Тиймээс та бол бидний томоохон бахархлын нэг мөн. Цаашид үргэлж биднийхээ түүчээ болж, үнэтэй заавар зөвлөгөөгөө өгч байгаарай. Бид ч энэ нэр төртэй ахмад сэтгүүлчдийнхээ залгамж халааг сайн авч явахын тулд хичээх болно. Бид хэдий цөөхүүлээ мэт боловч хүчтэй хамт олон гэдгийн нэг тод жишээ бол та юм шүү...” гээд Хүндэт гишүүний өргөмжлөлийг нь гардуулан өгсөн юм.

“Сүхбаатар аймгаас төрөн гарсан сэтгүүлчид нийгмийн аль ч цаг үед өөрийн гэсэн мөртэй, нэртэй явж ирсэн. Энэ нутгийн сэтгүүлчид бүгд л өөр өөрийн гэсэн арга барилтай. Миний хувьд чөлөөт сэтгүүлч хүн. Яруу найраг, сэтгүүлзүйн ажил хоёрыг хослуулж хийсээр өнөөг хүрлээ. Би МУСГЗ хэмээх хүндэт цолыг хүртээд гурван жил болж байна. Энэ цолонд маань хүндэтгэл үзүүлж намайг ингэж алдаршуулж байгаа сэтгүүлчдийн эвлэлийн хамт олондоо үнэхээр их баярлалаа. Үнэхээр сайхан байна. Энэ хүндэтгэлийг би миний хувьд хамгийн том шагнал хэмээн үзэж байна. Би энэ байгууллагад ороод багагүй хугацаа өнгөрч олон ч сайхан хүмүүстэй учирлаа. Харин одоо ахмад сэтгүүлчдийн тоонд багтах болж, гэхдээ сэтгүүлчийн мэргэжил хэзээ ч тэтгэвэрт гардаггүй юм. Сая Алтан-Овоо, Талын агуйдаа очиж мөргөөд Морин шуурга гэдэг найраглалаа албан ёсоор эхлүүлээд явж байна. Ийм сайхан мөчид хамт олноосоо энэ хүндэт шагналыг авч байгаагаа ихэд бэлгэшээж байна. Бидний залгамж халаа болон гарч ирж байгаа олон сайхан залуу сэтгүүлчид байна. Та бүхэн минь мэргэжлийнхээ нэр төрийг өндөрт өргөж яваарай...” хэмээн сэтгүүлч, яруу найраг Ай.Төмөр-Очир Хүндэт гишүүний өргөмжлөлийг нь гардах үеэрээ хэлсэн юм.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд салбар зөвлөлийн тэргүүлэгчид, гишүүдийн төлөөлөл оролцлоо.

МСНЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл нь албан ёсны бүртгэлтэй 20 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Т. Одончимэг

相关新闻