Хөршийнхөө хашаа руу гал алдаж торгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Хаврын хуурайшилттай үед ил задгай хог хаягдал шатааж, болгоомжгүй байснаас галын аюулд өртөж байна.
Булган сумын Зүүнтүрүү 4-р багийн иргэн Г.Доржийн ногооны хашаанд иргэн Д.Сүхбаатар зэрлэг хатсан өвс шатааснаас гал алдаж зэргэлдээ ХАА-н МСҮТ болон хөрш айлынхаа эзэмшил газрын 200 орчим хавтгай дөрвөлжин метр газар шатаажээ.
Сумын байгаль орчны байцаагч "Хог хаягдлын тухай" хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан байна.
М.Батжаргал