Мал, амьтан гоц халдварт өвчинтэй тэмцэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-04-12 14:37:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албанаас Баян-Өлгий аймаг “Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-г боловсруулсан бөгөөд ард иргэдийн саналыг авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас батлуулахаар болсон байна.

2020 он хүртэл хэрэгжих тус стратеги төлөвлөгөөнд гоц халдварт өвчин хил дамжин халдварлахаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх, эрт илрүүлэх тогтолцоо бүрдүүлэх, аймгийн Мал эмнэлгийн албаны лабораторийг орчин үеийн тоног төхөөрөмж, оношлуураар ханган шинжилгээний дүнг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх төвшинд хүргэх, малчдын гоц халдварт өвчний талаарх мэдлэгийг сайжруулах, малын эмч нарын ур чадварыг дээшлүүлж, гоц халдварт өвчнүүдийн вирусны зорчилт байхгүйг нотлох зэрэг асуудлууд тусгагдсан байна.

Дашрамд хэлэхэд тус аймагт 2013 оноос хойш мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, 2017 онд мялзан өвчин гарсан бөгөөд ийнхүү цаашид гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээ авч, улмаар өвчингүй аймаг болохын тулд аймгийн хэмжээний стратеги төлөвлөгөөтэй болох зайлашгүй шаардлага үүссэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газраас мэдээллээ.

Ө.Нурболат

 

相关新闻