Ашиглалтын шаардлага хангахгүй барилгад соёлын үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-12 14:58:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэд стандартын шаардлага хангаагүй, аюултай орчинд соёлын үйлчилгээг авч байна.

Тус сумын Соёлын төв 1962 онд ашиглалтанд орсоноосоо хойш нэг ч удаа их засварт орж байгаагүй.Харин  2012 онд Тогтвортой амьжиргаа төслийн хөрөнгө оруулалтаар бэлтгэлийн, хувцас солих, хөгжмийн өрөө болон номын сангийн зориулалтаар өргөтгөл барьжээ.

Уулбаян сум 3000 орчим хүн амтай. Харин Соёлын төв нь 200 хүний суудалтай. Сардаа 3-4 удаагийн соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулагддаг. Жилдээ давхардсан тоогоор 1000 гаруй хүнд үйлчилдэг байна. Гэтэл сүүлийн жилүүдэд соёлын төвийн барилгын чанар муудаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ.

“Суманд зохион байгуулагдаж байгаа тоглолт, хурал зөвлөлгөөн, тэмцээн уралдаан бүгд соёлын төвд болдог. Гэтэл заал маань багтаамж муутай учир томоохон арга хэмжээг  300-400 хүн зогсоо байдлаас үзэж сонирхох нь хэвийн үзэгдэл болсон. Хэдий тийм ч манай иргэд соёлын арга хэмжээнд маш их идэвхтэй оролцдог. Бид шинэ соёлын төвийн барилгатай болох талаар хөөцөлдсөн боловч мөн л энэ дөрвөн жилдээ боломжгүй юм шиг байна лээ. Манай суманд шинэ соёлын төв яалт ч үгүй шаардлагатай болоод байна. Энэ бол энэ байгууллагын ажилчид болон сумын нийт ард иргэдийн олон жилийн хүсэл... “хэмээн Уулбаян сумын Соёлын төвийн эрхлэгч Б. Доржрагчаа хэллээ.

Тус барилгад шалгалт хийж, улмаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ий өдрийн захирамж гарч, барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоожээ. Шалгалтаар соёлын төвийн барилгын эргэн тойрны бетон хаяавч хананаас хөндийрсөн, суурь руу ус орох нөхцөл бүрдсэн, модон шувуу нуруу гэмтсэн, мод нь ялзарч муудсан, дам нуруу нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт их хотойсон, хагарч гэмтсэн зэрэг зөрчил илэрчээ. Гэтэл шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсанаас хойш Уулбаян сумын ард иргэд аюултай нөхцөлд соёлын үйлчилгээг авсаар дахин нэг жил болжээ.

Т. Одончимэг

 

相关新闻