Жилд 300-400 шувуу цахилгаанд цохиулан үхэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Цахилгаан эрчим хүч бол хүний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ. Гэтэл энэ нь нөгөө талаараа байгаль дэлхий, экологид муугаар нөлөөлж байна. Үүний нэгэн жишээ бол цахилгаан эрчим хүчний агаарын шугаманд цохиулж үхэх шувуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн явдал юм. Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд сард 20-30, жилдээ 300-400 шувуу яг ийм байдлаар үхдэг байна.
Шувууд үүрээ засах, барих ангаа харах гээд ихэвчлэн хөдөө хээр газар бол цахилгаан дамжуулах агаарын шугамны тулгуур дээр суудаг. Гэтэл тулгуур дээр байх үедээ цахилгаантай шугаманд хүрсэний улмаас үхэх тохиолдол их гардаг байна. Үүнд сар шувуу, хон хэрээ, шар шувуу, шонхор шувуу гээд төрөл бүрийн шувуу өртдөг. Гэхдээ энэ 300-400 гэдэг бол хамгийн доод талын тоо. Учир нь үхээд газар унасан шувуугаар хээрийн зэрлэг амьтад хооллох нь элбэг байдаг. Тиймээс дээрх тоо илүү их өсөх магадлалтай гэнэ.
Ингэж шувууд хорогдох байдал сүүлийн жилүүдэд олны анхаарлыг их татах болсон. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний системийн хэмжээнд байгаль дэлхий, ан амьтаддаа ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд анхаарч эхэлжээ. Жишээлбэл: Сүхбаатар аймгийн эрчим хүчний салбарын хамт олон өөрсдийн санаачлагаар цахилгаан дамжуулах агаарын шугаман дээр шувуу хамгаалах төхөөрөмжийг орлуулсан хамгаалалт суурилуулж эхэлжээ. Халзан Баяндэлгэр сумдын хооронд 70 километр үргэлжлэх 15кВ-ын агаарын шугам нийт 600 гаруй тулгуур баганатай. Үүний 321 ширхэг тулгуур дээр шувуу хамгаалах төхөөрөмжөө суурилуулж байгаа юм байна.
“Энэхүү төхөөрөмж маань зориулалтын бус. Гэхдээ бид орлуулан туршиж үзэж байгаа юм. Энэ нь шувуу тулгуур багана дээр суулаа гэхэд цахилгааны шугаманд хүрэхгүй байх нөхцөлийг л бүрдүүлэх юм. Энэ төхөөрөмж маань нэг нь 10 гаруй мянган төгрөгний үнэтэй. Маш хямд үнээр хийгдэж байгаа ажил. Тэрнээс биш бид гадаадынхны нэвтрүүлж байгаа шиг зориулалтын төхөөрөмжийг суурилуулна гэвэл маш өндөр өртөгтэй. Хэрвээ энэ туршилт маань амжилттай болвол бид шувууны хорогдлыг 70-80 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолж байгаа...” хэмээн Сүхбаатар эрчимийн дарга Ц. Батхүү хэллээ.
Халзан, Баяндэлгэр чиглэлийг шугамыг сонгосон шалтгаан нь тэр хувьд шувууд хамгийн ихээр нутагладаг юм байна.
Т. Одончимэг