ЭЕШ-д амжиж бүртгүүлэхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ын бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар бүртгэл 94 хувьтай байна гэж Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-өөс мэдээллээ.
ЭЕШ-д бүртгүүлж буй сурагчдын зарим нь мэдээллээ дутуу авсан учраас бүртгэлээ гүйцэд хийлгэж чадахгүй байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, тухайн элсэгч www.eec.mn хаягаар орж бүртгүүлэхдээ зөвхөн өөрийнхөө и-мэйл хаягаар бүртгүүлнэ. Харин шалгалтын төлбөрөө эцэг эх, асран хамгаалагч нарын картаар төлж болно. Гол нь карт эзэмшигчийн зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Мөн шалгуулагчид нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч, ЭЕШ өгөх хичээлээ өөрөө нэмэх боломжтой. Харин хичээл солих болон хасах боломжгүй. Мөн бүртгүүлэхдээ чанартай зураг оруулах шаардлагатай аж.
ЭЕШ-ын бүртгэл маргааш 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг БҮТ-өөс сануулж байна.
Ж.Болор