“Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аян нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар “Дэд бүтцийн хяналт-Таны оролцоо сарын аяны нээлтийг Цогт хун тайжийн талбайд зохион байгууллаа. Дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууллагууд энэ арга хэмжээнд оролцож, бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчиллаа.
-Дэд бүтцийн салбарт мөрдөж буй хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, соён гэгээрүүлэх, эрсдэл суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, аливаа болзошгүй эрсдэл, техникийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэхэд аяны зорилго чиглэж байна. Сарын хугацаанд 7 хоног бүр өөр өөр чиглэлээр тухайлбал барилга, хот байгуулалт, зам тээвэр, газрын тос, хэмжил зүй, цахилгаан, дулааны эрчим хүч, холбоо гэсэн салбараар үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулна гэж аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Түвдэндоржийн Хувьзаяа ярилаа.
Энэ он гарсаар тус аймагт үйлдвэрлэлийн осол 4 бүртгэгдсэн байна. Тиймээс энэ аяны хугацаанд үйлдвэрлэлийн осол, аваараас урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил хийхээр төлөвлөжээ.
М.Батжаргал