Японы Чуо их сургуулийн профессор Масатака Ватанабе МУИС-ийн “Хүндэт доктор” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-18 14:14:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Чуо Их сургуулийн профессор, UNEP Global Adaptation Network-ийн дарга Масатака Ватанабегийн Монгол Улсын шинжлэх ухааны салбар, түүний дотор МУИС-д оруулж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн “МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Хүндэт доктор” цолыг хүртээв.

Тэрбээр тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох салбарт олон улсын түвшинд манлайлагч эрдэмтдийн нэг юм. 2011 оноос эхлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр /UNEP/-ийн Ази номхон далйн бүсийн Дасан зохицох сүлжээ /APAN/-ний тэргүүнээр, 2006 оноос Дэлхийн дасан зохицох сүлжээ (GAN)-ний тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.

2006 оноос эхлэн Монгол Улсын ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, үндэсний хөгжлийн хүрээлэн, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, МУИС, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн зэрэг олон байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, олон улсын хэмжээний өндөр ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тэрээр Монгол Улсад ойт-хээр болон хээрий бүсийн байгаль орчны өөрчлөлтийг урт хугацааны туршид судлах мониторинг, суурин судалгааны станцуудыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Профессор Масатако Ватанабег Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх, хоёр улсын хамтарсан судалгааг олон чиглэлээр өргөжүүлэх, байгал орчны өөрчлөлтийг судлах, судлаа эрдэмтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн  2014 онд Монгол Улсын “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж байжээ.

Ёслолын ажиллагаанд МУИС, ШУС-ийн захирал Б.Баяртогтох, ТХХ-ийн захирал Т.Чулуун, UNEP Global Adaptation Network-ийн дарга Масатака Ватанабе болон эрдэмтэн багш, судлаач төлөөлөгчид байлцав.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр

 
 
相关新闻